ХҮМҮҮЖИЛ

2011-07-12,
            Хүн болох багаасаа 
                         Хүлэг болох унаганаасаа



               

     Нэрт сурган хүмүүжүүлэгч Сухомлинскийн хэлснээр "Хүн бүр математикч болох албагүй ч хүн бүр эцэг эх болдог" гэсэн  байдаг.  Мэдээж энэ бол бидний гэр бүл, тэндээс олж авах хүмүүжлийн тухай асуудал юм. Хувь хүний хүмүүжил бол хүн өөрт нь төдийгүй улс орон, гэр бүлд нэн чухал зүйлийн нэг билээ.  Профессор Х. Сүхбаатар " Гэр бүл математик загвар"  бүтээлээрээ хүмүүний эцэг эхээсээ өвлөж болох дээд хэмжээг 41% гэж тогтоожээ.  Харин үлдсэн 60 аад хувийг нь Шинжлэх ухааны доктор профессор Г. Лхавгаа гуай "Ухамсар" гэж ганцхан үгээр тайлбарласан байдаг юм.  Тэгэхээр хүн гэдэг ойлголтын тухай ярихын тулд идэж уухаас авахуулаад бясалгал, сүнсний тухайд ч авч үзэх өргөн цар хүрээтэй томоохон ойлголт болж байгаа юмаа.  Г. Лхавгаа гуай өнөөгийн хүмүүнийг ухамсрын доройтолд хүргэж байгаа хүчин зүйлийн  талаар сонирхолтой сэдэв хөндсөн байдгийг дараагийн нийтлэлдээ товчлох болноо.                          
    Одоо миний та бүхэнтэй санаа бодлоо хуваалцах сэдэв бол 100 хувь хүн болоход бидэнд  дутагдаж байгаа ухамсар гэгчийг бүрдүүлж байгаа хүмүүжлийн тухай ойлголт юм.  Хүмүүжил бол хүнийг алдахад нь түшиж, унахад нь өндийлгөж босгох жинхэнэ үнэнч анд билээ.  Хүүхэд анх төрөөд үзэл бодлоо илэрхийлж, ярьж чадахгүй ч алин хэдийн суралцаж эхэлсэн байдаг.Тэгэхээр бидний эд эсээс бүтсэн хоосон биед ухамсар суулгаж зөв төлөвшсөн иргэн, сайн хүү болоход бидний үзэл  бодол, хэлэх үг, хийх үйлдэл мөн нийгмийн оролцоо зэрэг зүйлс нөлөөлж байдаг гэдгийг гүн ухамсарлах хэрэгтэй. Мөн хүмүүжих явц нь хүний насан туршид үргэлжилж байдаг бөгөөд  хүн төгсгөл хязгааргүй хүмүүжих үйл явцдаа хүн болж төлөвшдөг байна.  Хүмүүжилгүй хүний тухайд ярих юм бол хүн бүхэн л өч төчнөөн жишээ дурдах байх л даа тийм болохоор энэ асуултыг та бүхэнд үлдээгээд цаашид бид юу хийж, юун дээр анхаарахаа бодож үзэх хэрэгтэй. Юуны өмнө хүн өсгөнө гэдэг бол зүгээр л аяндаа өсчихнө гээд орхих биш аав ээжүүд зүтгэл гаргаад зогсохгүй эцэг эхчүүд ч өөрсдөө сайн хүмүүжигчид байх нь чухал юм.  Миний бодлоор улс үндэстний оршин тогтнох үндэс бол хэл, соёл, тусгаар тогтнол, газар шороо байх ёстой. Иймээс бидний хүмүүжлийн үйл явц ч гэсэн бидний соёлын үндсэн дээр тогтож тайлбарлагдах болно.  Тэгэхээр хэрхэн хүмүүжих тухай, чухам хүмүүжил гэдэг юу юм бэ гэдгийг манай эрдэмтэн мэргэдийн сургаал үг, ардын аман зохиол, зүйр цэцэн үгсэд  тов тодорхой зааж сургасан байдаг.  
     Хүн ардын аж байдал, ахуй амьдрал, зан үйл, ёс заншил, хүсэл эрмэлзэл, ажил хөдөлмөрт хандах хандлага, байгаль ертөнцийг танин мэдсэн бодит мэдлэг чадвар нь зүйр цэцэн үг болон ардын аман зохиолд шингэсэн байдаг бөгөөд хүн хүнээ хайрлах, эрдэм номд хичээнгүйлэн суралцах, шударга үнэнийг баримтлах, эр зориг тэсвэр тэвчээрийг бахдан дуулах, эв эеийг хичээх, нөхөрсөг тусч, ах дээдсээ хүндлэх гэх мэтчилэн хүмүүжлийн эерэг сайн талуудыг магтан, худал хуурмаг, залхуу хойрго, шунал тачаал, хөнгөн хийсвэр байдлыг шүүмжлэн буруушаасан байдаг юм.
     Хэдэн жишээ дурдая л даа:  Хүн хэдий ухаантай ч хэлэхээс нааш санахгүй цаас хэдий нимгэн ч чичихээс нааш цоорохгүй гэдэг нь хүнээс үг сонсож цэгнэж бодон өөрийнхөө болох болохгүйг ахин дахин нягталж харах тухай сануулсан мөн Ахаа алд хүндэл Дүүгээ дэлэм хүндэл, Хөдөлмөр хүнийг хүмүүжүүлнэ гэх мэтчилэн сургасан байдаг. 
     Би саяхан 8 хүүхэд гаргасан ч одоо харж хандах хүн байхгүй учраас  асрамжийн газар байгаа нэгэн эхийн бичсэн захидлыг телевизийн нэвтрүүлгээр үзсэн юм.  Энэ ээжийн үе болох 60-70 аад онд  хүмүүжилгүй хүн гэж ховор байсан бөгөөд цөөн хэдэн хүмүүжлийн доголдолтой хүмүүсээ хамт олон улс орон нь анхаарч халамжлан хүмүүжүүлээд авдаг байсан юм. Мөн хүмүүс хүүхдийнхээ хүмүүжилд онцгой анхаарч үзэлгүйгээр эр эмгүй л маш их ажилладаг байсан юм шиг санагддаг. Удалгүй ардчилал гээд бөөн бужигнаан, энэ дунд л хүний хүмүүжил бас л орхигдож орхигдож одоо л нэг хүмүүс хаяа хаяа сөхөж ярьцгаах болжээ.
     Манай монгол ээжүүд би гэрт сууж чадахгүй, гадуур хүн амьтантай уулзаад, завгүй ажил хийж л явбал сайхан гэж ярих нь их болсон. Тэгвэл Солонгос оронд ээжүүд нь гэртээ сууж хүүхдүүдээ хүмүүжүүлдэг. Чухам яаж хүмүүжүүлэх вэ гэвэл ээжүүд тусгай хүүхэд хүмүүжүүлэх сургалтад хамрагдаж хүүхдүүдтэйгээ тусгай хөтөлбөрийн дагуу жилийн, улирлын төлөвлөгөө зохиож, онцгой анхааран өөрсдийнхөө ажил амралтыг зөвхөн үр хүүхдүүддээ зориулдаг байна. Мөн боловсрол бол нийгэмд хүнийг хүний дайтай биеэ авч явахад тусалдаг бас нэгэн чухал зүйл билээ. Дээрх Солонгос эхчүүд мөн л хүүхдүүдийнхээ боловсролд маш их анхаарч байдаг бөгөөд сургуулийн  хөтөлбөрт хичээлээс хангалттай боловсрол олж чадахгүй гэж үздэг учраас их олон хагвонд давхар суралцуулж бүх боломжийг нь нээж өгч чаддаг байна.
    Ингээд бодохоор манай эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ маш муу ажилладаг нь ойлгомжтой байгаа юм. Ядаж л манай эцэг эхчүүд хүүхдийнхээ хүмүүжилд анхаарч чадвал хөгширсөн хойноо санаа зовох зүйлгүй жаргалтай байхаар ч зогсохгүй улс эх орны ирээдүй гэрэлтэх болно гэдгийг сайн мэдэх хэрэгтэй. Мөн саяхан би нэт хэсэж яваад iphono худалдаж авахын тулд нэг бөөрөө зарсан хятад хүүгийн  тухай олж уншсан юм.  Сэтгэл үнэхээр их эмзэглэлээ. Үүнтэй нэгэн адил гоёж гоодох, ганган сайхан юм хэрэглэх туулийн хүсэлтэй ахархан бодолтой хүүхэд төдийгүй хүмүүс манай нийгэмд маш олон болж дээр дээрээ гарах гэж тэмцэлдэж байгаа нь оюуны доройтолд хэр орсныг гэрчлэх мэт. Хүнээс дутаахгүй хүүхдээ анхаарч байгаа нь энэ гээд л хүссэн бүхнийг нь авч өгөх нь хүүхдэдээ буруу хүмүүжил олгож байгаа бөгөөд эцэг эхчүүд өөрсдөө хүүхдэд цээрлэх 6 зүйлийг мэддэггүйтэй холбоотой юм. Үүнд: 
1.Гашуунаар бүү тэтгэ
2.Амттанаар бүү цатга
3.Өнгөнд бүү шунуул
4.Тансагт бүү умбуул
5.Улайг бүү үзүүл
6.Нойронд бүү автуул гэж  ардын сурган хүмүүжүүлэх ухаанд заасан байдаг. Мөн үр хүүхдээ хүмүүжүүлэхэд баримталдаг арван зарчим :
1.Хүүхдээ зөв хайрла
2.Хүүхдээ хамгаалж яв
3.Хүүхдэдээ сайнаар үлгэрлэ
4.Хүүхэдтэйгээ цуг үйл хий
5.Хүүхэдтэйгээ тоглож наад
6.Хүүхдэдээ амьдрах арга ухаан заа
7.Хүүхдээ чих зөөлөнтэй өсгө
8.Хүүхдэдээ өөрийнх нь хүчийг ойлгуул
9.Хүүхдээсээ эрээн барааныг бүү нуу
10.Хүүхдээ дурсах юмтай амьдарч сурга
    Ингээд залуу хөгшин гэлгүй үр хүүхдээ хүмүүжүүлж байгаа аав ээждээ бас мөнхийн хүмүүжигчид байдаг хүмүүс та бүхэндээ зориуллаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax